Үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд маркетингийн гүйцэтгэх үүрэг

Мэдээж үндэсний үйлдвэрлэл Монгол орны ирээдүйн хөгжил дэвшлийн үндэс суурь болох нь гарцаагүй. Тэгвэл үндэсний үйлдвэрлэлийг ирээдүйд хөгжүүлэх хөшүүрэг нь маркетинг юм.


Гэхдээ хэн ч сэтгэлийн хөдлөлөөр ямар ч зүйлсийг чухалчилж чадах учир үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд маркетинг чухал үүрэг гүйцэтгэх болно гэсэн парадокс-д үнэлэлт өгөх асуултанд хариулт өгье.

- Яагаад маркетинг хамгийн чухал үүргийг үндэсний үйлдвэрлэлд гүйцэтгэх вэ?



Америкад анх маркетингийг 1905 онд тодорхойлсон байдаг. Энэ тодорхойлолт ч гэсэн дээрх асуултанд хариулж чадна. “Аливаа бизнесийн байгууллага ашигтай үйл ажиллагаа явуулахад маркетинг хэрэгтэй” гэжээ. Зуун жилийн өмнө ингэж бичиж байсан нь өнөөдөр ч үнэн хэвээр харин ч улам бүр боловсронгуй болж баяжсаар байна. Мэдээж уналтанд орсон, ашиггүй ажилладаг үндэсний үйлдвэрлэл эдийн засагт ямар ч дэвшил авчрахгүй. Монголын Маркетингийн Холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж /багшийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн эргэн санаж бахархаж байна 2010 оны 3 сар/ маркетингийг тодорхойлохдоо “Маркетинг бол хэрэглэгч, түүний зан төлвийн гүнд нэвтэрч, зах зээлийн судасны цохилтыг мэдрэх, байгууллагыг тэрхүү мэдрэмжиндээ тулгуурлан удирдан хөтөлж бусдаас ялгарахуйц бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгон зах зээлд нийлүүлэх улмаар үйлдвэрлэгч хэрэглэгчийн хооронд байнгын найдвартай хэлхээ холбоо тогтоон өргөжүүлэх цогцолбор арга ухаан” гэсэн байдаг. Эндээс үзэхэд үйлдвэрлэл үйлчилгээг амжилттай явуулах чадавхи нь маркетинг болж байна.

- Маркетинг чухал гэдэг нь харагдаж байна. Тэгвэл хэрхэн маркетингийн үр шимийг хүртэх вэ?

Дэлхий дээр өнцөг булан бүрт байгаа олон сая зах зээл, нийгэм соёл, цаг агаар, үндэстний онцлогт таарах Нийгмийн Шинжлэх Ухааны онол гэж байхгүй. Үүнтэй нэгэн адил маркетингийн менежментийн асуудлыг бид бүс нутаг, хот аймаг, дүүрэг сумын хүрээнд ч өөр өөрөөр авч үзэх хэрэгтэй. Миний бодлоор Монголчууд бид бэлэн томъёоллыг хайж амар хялбараар өрсөлдөөнд ялахыг их хүсдэг мэт. Өөрөөр хэлбэл, хувь хүний маркетингийн ёс зүйгээр ядуу байна гэсэн үг. Зах зээлийн хатуу өрсөлдөөнд уйгагүй хөдөлмөр, нарийн судалгаа, идэвхитэй санаачлагын дүнд ялалт ирдэг. Энэ жишээг Азийн Бар гэгдэх улсуудын хөгжлөөс харж болно. Тэдгээр орнууд өөрсдийн нөхцөл байдалд тохирсон маркетингийн менежментийг олж хөгжүүлснээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжин дэлхийн эдийн засагт өөрсдийн байр суурийг ахиулсаар байна. Хэрвээ тэд Америкийн аль эсвэл барууны хөгжингүй маркетингийн менежментийг хуулбарласан бол байдал өнөөдөр өөр байх нь ойлгомжтой. Хөгжиж байгаа оронд хамгийн том давуу тал байдаг нь бусдын туршлаган дээр суралцах явдал. Тиймээс бид үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд өөрийн бололцоо нөхцөлд таарсан МОНГОЛ МАРКЕТИНГ – ийг тодорхойлж хөгжүүлэх хэрэгтэй байна. Хэрвээ Эзэн Чингис хааны хэлсэн

Биеэ засаад гэрээ зас
Гэрээ засаад төрөө зас.

сургаалийг маркетингийн хүрээнд задалваас << Эхлээд хувь хүний маркетингаа зас тэгээд өрх гэр, үйлдвэр худалдааны маркетингаа зас дараа нь дэлхийд өрсөлдөх улс гүрнийхээ маркетингийг зас >> гэж байж болох юм.


Эцэст нь хэлэхэд олон зуун жилийн агуу их түүхтэй, оюун сэтгэлгээний чадвар өндөртэй Монгол хүний хувьд хэн нэгнээс хуулбарлан бусдыг дууриахгүйгээр бид улс орны хөгжлийг хөтлөх үндэсний үйлдвэрлэлээ МОНГОЛ МАРКЕТИНГ – аар хөгжүүлж чадна гэдэгт би итгэлтэй байна. Гэж оюутан байхдаа бичиж байсансан.

No comments:

Post a Comment