Бүтээлч хурал


Уламжлалт хурал: Ажлын хэсгүүд санал бүхий илтгэл тавина. Эхлээд дарга нар санаагаа хэлнэ. Зарим нэг нөхдүүд санал нэгтэйгээ илэрхийлнэ. Шинэлэг санаа, шүүмжтэй асуудлууд мэр сэр орно. Нэг хоёр аргументыг олон янзаар тайлбарлана. Хүмүүс дуустал нь сонсож яг залгуулаад санаагаа хэлэхийг хичээж сонсох биш эхлэх гэж хичээж сууна. Цаг сунжирсан гэдгийг мэдээд асуудлыг хурдан шийдэх гэж оролдоно. Ам цангана, гэдэс дуугарна, бөгс чилнэ. Тэгээд хойшлуулна, дахин судлуулна эсвэл шууд шийднэ. Хурлын дараа хоолон дээр ямар тэнэг шийдвэр вэ гэдэг тухай ярина.

Яг үнэндээ ийм хурлыг олон хүн мэднэ байх.


Бүтээлч хурал: Хүмүүс бүгд гэрийн даалгавартай ирнэ. Хурал эхлэхийн өмнө 10 минут гаргаж өгнө. Хурлын өрөөнд бүгд зэрэг орж ирээд болж өгвөл тойрог хэлбэрээр суухыг хичээнэ. Хүн бүрд цагаан цаас өгнө. Санал хүсэлтүүдээ бичнэ. Хурал дээр 2 хүнээс бүрдсэн багууд үүснэ. Саналуудаасаа шигшээд баг бүр дундаасаа 3 санал гаргана. Саналууд ерөнхийдөө шийдлүүд байна. Баг бүрийн 3 шийдэл самбар дээр бичигдэнэ. Шийдэл тус бүрийн талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ажлыг яаж хамгийн муу явуулах талаар bad list гаргана. Сайхан шийдлүүдээ сөрөг талд алдахгүй байхад хэрхэн анхаарахаа тодорхойлно. Санал хураана. Ажлын дараалал тодорхойлж ажлын хэсгүүд гарна. Цаг ямар хурдан өнгөрөөв гэнэ. Хоолон дээр хурал дээр ярьсан хөгжилтэй агшинг дурсана. Дараагийн хурал дээр олон хуучин сонин, сэтгүүл, хайчилбар, будгийн харандаагаар юу хийх гэж байгаа юм болоо гэж бодно.

Яг өнөөдөр ийм хурал хийлээ. Саналууд их гарч бүтээлч байдал сэргэв.

Үйлчилгээний маркетинг: Инээмсэглэл зарна

Инээмсэглэл бол гайхалтай зүйл. Гэхдээ энэ гайхалтай зүйлийг бид бидний төрөлх зүйл гэдгээс илүүтэй болзолт рефлекс хэлбэрээр ойлгох нь алдаа болдог. Үйлчлүүлэгч орж ирээд тань руу харахад та заавал инээмсэглэх ёстой гэж бодоод хичээвэл сайн болж өгөхгүй байх болов уу. Яагаад гэвэл чин сэтгэлийн инээмсэглэлийг бодлыг удирддаг зүүн тархи бүтээж чадахгүй.  Харин та эсрэгээрээ тэр хүн рүү хараад танд би юугаар туслах вэ? гэж чин сэтгэлээсээ хүсвэл нүүрэнд тань дулаахан инээмсэглэл өөрийн эрхгүй тодорно. Та харин тухайн инээмсэглэлээ бүү хориглоорой. Хамт сууж байгаа бие биенийгээ огт танихгүй хүмүүсийг зүгээр нэг нэгэн рүүгээ харахыг хүсэхэд бүгдийнх нүүрэнд инээмсэглэл тодордог байна. Инээмсэглэл бол төрөлх шинж чанар юм.