Маркетингийн идэвхжүүлэлт хийхдээ

Милтон Фридманы хэлсэнчлэн хүний мөнгийг хүн хамгийн харалган цардуулдаг гэдэг санаа зарим нэг байгууллагуудын хийж байгаа нөлөөллийн ажлаас илт харагддаг. Хэдэн жилийн өмнө Хотын соёл гэдэг уриалга хэлбэртэй нэр маркетингийн сувгуудаар дүүрэн өрнөж байсанг санах хүмүүс цөөнгүй байгаа байх. Ямар зорилготой байсан гэдгийг нь мэдэхгүй ч үр дүнтэй кампанит ажил болсон эсэхэд эргэлзмээр. Яагаад гэвэл тэр ажлын үр дүнд олон хог хогийн саванд орсон уу? Үүнтэй адил олон бизнесийн нөлөөллийн ажил үр дүнгүй болдог.

Зан үйлд нөлөөлнө гэдэг нь маркетингийн кампанит ажлын гол үр дүн болдогыг туршлагатай маркетерууд сайн мэддэг учраас арай өөр шийдлээр мөнгөө зарцуулдаг. 

Хэрэглэгчийн зан үйл судлал, зан үйлийн эдийн засаг, нейромаркетинг гэх шинэ салбар шинжлэх ухаануудын гол судлагдахуун нь хэрэглэгч хэрхэн эдийн засгийн шийдвэр гаргадаг, ямар хүчин зүйл түүнд нь их нөлөөлдөгийг судалдаг. Уламжлалт эдийн засгийн загварууд хэрэглэгчийн шийдвэр гаргалтыг тайлбарлаж чадахгүй хэн бүхэн л мэддэг байсан ч түүнээс сайныг нээгээгүй байсан бол одоо тархи судлал, зан үйлийн судлалын дэвшилтийн ачаар боломжтой болж байна.

Хүний зан үйлийг бидний логик сэтгэхүйгээс илүүтэй далд ухамсар жолооддог. Зан үйлийн эдийн засгийн олон туршилтууд, нейро шинжлэх ухааны олон судалгаанууд хүний зан үйлд нөлөөлөхөд анхаарах олон ойлголтыг тодорхойлсон байдаг.

Тэгвэл хүний зан үйлд нөлөөлөхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?