Утсан хүүхэлдэй ба муухай маркетинг


Бүдүүн ногоон утсаар таныг нэг зүйлийг мөрөөдүүлж болно эсвэл урт цэнхэр утсаар таныг хөтлөн дэлгүүрт аваачиж, улаан мяндсан утсаар таныг дэлгүүрийн лангуун дундуур чирч, нүдийг чинь нэг зүйлд чиглүүлэн, хүслийг төрүүлж эцэст нь гараас чинь уясан бөх гэх чинь цагаан утсаар таны халаасыг танаар ухуулж мөнгийг чинь худалдагчид өгч байна гэвэл итгэх үү. Бид мэдэхгүй зүйлээ ойлгодоггүй гэдэг бол үнэн.


Маркетинг гэдэг энэ ухаан худалдахад дэндүү их шунавал хэрэглэгчдийг утсан хүүхэлдэй болгож чадах хэмжээнд хүртлээ хөгжлөө. Маркетингийн загалмайлсан эцэг гэгдэх эрдэмтэн Филлип Котлер эдийн засаг, сэтгэл судлалын эрдэмтэн атал анх маркетинг гэдэг шинжлэх ухааны хөгжлийг тодорхойлхуйц зохиол бүтээл гаргасан нь цаана нэг учиртай. Ялангуяа бидний орчин үед олж харж байгаа маркетингийн ихэнх үзэл баримтлал, чиг баримжаа нь сэтгэл судлал дээр үндэслэж байгаа нь ойлгомжтой байна. Хүн сэтгэл гонсгор үедээ сүм хийдэд очиж амьдралын итгэл үнэмшил олж авдаг, санаа бодол нь тогтворгүй бол сэтгэл зүйчид хандан тайвшралыг олж урам зориг ордог, ганцаардсан үедээ дотно хүнтэйгээ уулзан баяр цэнгэлийг мэдэрдэг. Энэ бүх хүний сэтгэл хөдлөл, мэдрэмжийн асуудлуудыг маркетинг судалж байна. Өөрөөр хэлбэл маркетинг сүмийн номлогч, ламтан, сэтгэл судлаач, анд нөхөд чинь болж чадаж байна.

Бүдүүн ногоон утас юу байж болох бэ?

Үнэн үгийг чанга хэлэхээр
Худлаа сонсогдоно
Худлаа үгийг чанга хэлэхээр
Үнэн сонсогдоно.... Б.Лхагвасүрэн

Худлаа үнэн нь огт хамаагүй нэг зүйлийг танд итгэтэл нь хэлж болдог. Хэн, хэзээ, яаж хэлсэн гэдгээс бүх зүйл шалтгаалдаг. Олон хүн “өө бурхны хүү-д би итгэдэг, ертөнцийн эзэн хаан байна” залбирдаг гэхдээ хэн ч тэр айхтар хүнтэй уулзаагүй, магадгүй уулзсан гэж өөрийгөө боддог хэн нэг нь нь танд тэрхүү уулзалтын тухай өнгөтөөр ярьсан байх, эсвэл та уншсан байх. Цэцэрлэгийн охинд өвөө нь ээжийнхээ үгэнд орох тухай хэлсэн байдаг. Дунд сургуулийн сурагчид математикийн багш виномын аксиомыг өөрөө зохиогоогүй боловч заасан л байдаг. Тэгээд тэд итгэдэг. Тиймээс маркетинг бүдүүн ногоон утсаар оддыг, олны таны хүмүүсийг жишээ нь Болдыг, хамгийн чухал үед жишээ нь та кино үзэж байхад, маш үнэмшилтэйгээр жишээ нь бүтэн өдөр 1 мунитын реклам хий гэж 10 хүнтэй баг ажиллаж танд итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэл төрүүлдэг юм. Танайд ердөө ч SONY зурагт байхгүй гэхдээ та SONY хамгийн сайн зурагт хийдэг гэдэгт итгэдэг үү? Та хэзээ ч Есүстэй уулзахгүй гэхдээ та түүний төлөө залбирсаар байна уу?

Урт цэнхэр утас нь юу байж болох бэ?

Цог жавхлантай дэлгүүр руу алхаж яваа залууг төсөөлье. Тэр зүгээр нэг түц рүү яваагүй ээ тэр сүлжээ томоохон супер маркет руу явж байна. Магадгүй түүнд хөнгөлтийн карт байгаа эсвэл тэр тийм зүйлтэй болъё гэж их биш боловч хааяа санадаг, мэдээж дэлгүүр тохилог, үйлчлэгч нар нь царайлга магадгүй ганц бие ч байж магад. Мөн дэлгүүр гэрт ойрхон эс бөгөөд олоход амар газар байдаг. Дэлгүүрт таны дуртай байж болох хөгжим эгшиглэж, анхилуун үнэр үнэртэж, худалдагчид инээмсэглээд танд чин сэтгэлээсээ тусална гэж бодохоор тэр дэлгүүрт очихоос өөр яах юм бэ?

Улаан мяндсан утас нь юу байж болох?

Таны авах гэж байгаа талхи хаана байгааг сумаар хэлж өгнө. Та түүнийг дагахад л болно. Гэхдээ хамгийн царайлаг, алдартай хүмүүсийн зурагтаар идэж харагддаг талхнууд нүдэнд тань эхэлж торох болно. Таны гар хамгийн сайн хүрэх газарт тэдгээр нь эмх цэгцтэй өрөөтэй байна. Хажууханд нь та талхтай хамт идэж болох масло, жимсний чанамал байна. Та хоол идчихээд амаа угаадаг биздээ, ядахдаа бохь зажилна биз гэсэн юм шиг бохь гарах хаалганы хажууд байна. Та дэлгүүрээс халаасанд тань мөнгө нь байсаар байтал ганцхан юм аваад гарч үзсэн үү? Тийм бол баяр хүргэе. Нэг удаа хүлээснээс мултарч байсан юм байна.
Улаан өнгийн утас их хүчтэй.
Хаач байдаггүй болов ч хамгийн сайн таньдаг цагаан сахалтай өвөөгийн нэр санта хувцас нь улаан. Хортой аюултайг нь ам уралдан ярьдаг атлаа хамгийн их уудаг ундааны нэр кока кола өнгө нь улаан. Ярайтал нь өрсөн 10 нэрийн ундаанаас хамгийн содон агаад танил санагдах улаанаагаа авна. Дурласан юм шиг л. Арай ч дээ ундаанд уу? ам цангахаар нүдэнд харагдана, гудмаар алхахад тэрний зураг, орой кино үзнэ тэр гарна завсраар нь бас тэрний реклам. Даруулгад сайн гээд ямар ч ухаантай нь хэлчихсэн юм тэрний тухай яриа мундахгүй. Цус шиг улаан өнгийг хараад дур хүсэл бүр оволзоод, хүслийн, бидний, түмнийх тэр доор шоволзоод...

Бөх цагаан утас юу байж болох бэ?

Баяр хүрье та өнөөдөр ямар азтай байна, та хонжворт хожсон мөнгөөрөө юу хийх бэ? Хожсон машинаараа хамгийн түрүүнд хаана очих гэж хөтлөгч асууж байна та мөрөөднө. Та манай үнэн ч хэрэглэгчийн картаар цаашид 2% хөнгөлөлт эдлэх болно гэж худалдагч хэлнэ. Та маш ашигтай наймаа хийлээ гэж хонжворт сугалааны тохирол хэзээ болох тухай асуугаад баяртайгаар мөнгөө гарган өгнө. Хаана ч үнэгүй өдрийн хоол үгүй. Гэхдээ би ч азтай аавын хүү дээ.

Манай нохой нэрээ хоол гэж боддог. Дондог хичээлээ шийтгэл гэж боддог.
Манай муур тоос сорогчийг мангас гэж ойлгодог. Дэнчиг архийг жаргал гэж ойлгодог.
Би нохойгоо сургаж суулгаж, хэвтүүлж, бүүр дээш нь харуулж чаддаг
Би муураа ширээн дээр гарч болохгүй, шалан дээр бие засаж болохгүйг заасан.

Тэгвэл яагаад Догдогт, Дондогмаад бас Дэнчиг, Дэнчигмаад юм зааж, утсан хүүхэлдэй шиг яагаад удирдаж чаддахгүй, болохгүй гэж...

Ямар муухай юм бэ?

1 comment:

  1. hussen zorilgodoo hureh ni chuhal gehdee yaj hureh ni tiim ch chuhal bish tiimv?

    ilvv goyo detalchilj yarihgui yu

    hvniig herhen yaj tanij surah ve hvn sain tanij surmar bna ene talaar bodit jisheen deer ch yumu niiteer huleen zovshoorogdson ali esvel turshlagaar batalgaajsan baidlaar niitlel hiivel ih bayarlan shvv

    ReplyDelete