Мэдрэмжийн маркетинг


Хүний зүрхнээс тархины эс олсон тухайн шинжлэх ухааны хялбаршуулсан нэвтрүүлэг үзсэн минь миний шинжлэх ухаанч бус таамаглал болох зүрх сэтгэж шийдвэрт нөлөөлдөг байж болох төсөөллийг минь хэлбэржүүллээ.
Яг үнэндээ зүрх шийдвэрт нөлөөлдөг байх утгагүй  болохоор бидний сайн мэдэх сэтгэл хөдлөл, мэдрэмж шийдвэрт ямар их нөлөөлж болдог тухай санал бодлоо хуваалцах гэсэн юм.
Хүний удирдлагын систем болох тархийг маш ерөнхий хоёр хагас бөмбөрцөгт хувааж болдог. Тархи судлаачдын их эрт нээж илрүүлсэн нээлт бол зүүн хагас бөмбөрцөгт байрлах тархи бидний логик, тоо, хэл, жагсааж бүртгэх, шинжлэх чадваруудыг удирддаг энгийнээр хэлбэл боддог тархи юм. Харин тархины баруун талын хагас бөмбөрцөг бидний харах, төсөөлөн бодох, мэдрэх, байршил, хэлбэр дүрсийг таних, ямар нэгэн зүйлд хандах хандлагыг удирддаг өөрөөр хэлбэл мэдэрдэг тархи болдог.
Аль талын тархи маркетеруудад хэрэгтэй худалдан авах шийдвэрт хэрхэн нөлөөлдөг тухай сэдэв бүрэн утгаараа нейромаркетингийн асуудал болж хувирна. Худалдан авах зүй, Брэндийн мэдрэхүй бүтээлээрээ олны танил болсон Мартин Линдстром бүтээгдэхүүнээ брэнд болгохыг хүсвэл мэдэрдэг тархинд зориулсан маркетинг хийх талаар зөвлөсөн байдаг. Яг түүний зөвлөснөөр Singapore Airlines компани өнгө, үнэр, үйлчилгээний ажилтнуудын хувцасны материал, аялгуу, хоолны амт зэргийг цогцоор шийдэж үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг хангалттай хэмжээнд нэмж маркетингаа шинэ төвшинд хүргэсэн амжилт байдаг. 2012 оны Өмнөд Солонгосын парламентын сонгуулийн сурталчилгаанд нейромаркетинг амжилттай хийсэн нэр дэвшигч ялалт байгуулсан тухай Reuters агентлагийн сурвалжлагч нийтэлсэн гэх зэрэг нь мэдрэмжийн шийдвэрт нөлөөлөх нөлөөллийн хүчийг улам бүр тодотгож байна. Мэдрэмжийг бидний мэдрэхүйн төгсгөлүүд буюу мэдэхүйн эрхтнүүдээр дамжуулж өдөөж болдог. Энэ бол мэдрэмжийн маркетингийн шууд арга юм.

Маркетингийн идэвхжүүлэлт хийхдээ

Милтон Фридманы хэлсэнчлэн хүний мөнгийг хүн хамгийн харалган цардуулдаг гэдэг санаа зарим нэг байгууллагуудын хийж байгаа нөлөөллийн ажлаас илт харагддаг. Хэдэн жилийн өмнө Хотын соёл гэдэг уриалга хэлбэртэй нэр маркетингийн сувгуудаар дүүрэн өрнөж байсанг санах хүмүүс цөөнгүй байгаа байх. Ямар зорилготой байсан гэдгийг нь мэдэхгүй ч үр дүнтэй кампанит ажил болсон эсэхэд эргэлзмээр. Яагаад гэвэл тэр ажлын үр дүнд олон хог хогийн саванд орсон уу? Үүнтэй адил олон бизнесийн нөлөөллийн ажил үр дүнгүй болдог.

Зан үйлд нөлөөлнө гэдэг нь маркетингийн кампанит ажлын гол үр дүн болдогыг туршлагатай маркетерууд сайн мэддэг учраас арай өөр шийдлээр мөнгөө зарцуулдаг. 

Хэрэглэгчийн зан үйл судлал, зан үйлийн эдийн засаг, нейромаркетинг гэх шинэ салбар шинжлэх ухаануудын гол судлагдахуун нь хэрэглэгч хэрхэн эдийн засгийн шийдвэр гаргадаг, ямар хүчин зүйл түүнд нь их нөлөөлдөгийг судалдаг. Уламжлалт эдийн засгийн загварууд хэрэглэгчийн шийдвэр гаргалтыг тайлбарлаж чадахгүй хэн бүхэн л мэддэг байсан ч түүнээс сайныг нээгээгүй байсан бол одоо тархи судлал, зан үйлийн судлалын дэвшилтийн ачаар боломжтой болж байна.

Хүний зан үйлийг бидний логик сэтгэхүйгээс илүүтэй далд ухамсар жолооддог. Зан үйлийн эдийн засгийн олон туршилтууд, нейро шинжлэх ухааны олон судалгаанууд хүний зан үйлд нөлөөлөхөд анхаарах олон ойлголтыг тодорхойлсон байдаг.

Тэгвэл хүний зан үйлд нөлөөлөхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?