Маркетингийн шалгалтууд


Маркетингийн улсын шалгалт дээр сууж байхдаа ингэж бодлоо. Оюутнууд цуглуулсан 120 кредитээ хамгаалж 100 асуултад бэлдэж билет сугалаад 3 асуултад хариулж байна. Олонх нь бэлтгэл тааруухан шинжтэй сэдвүүдийг хамгийн сайн мэдэх сэдэв болгож ярих хандлагатай. Урьд шөнө нилээ суусан янзтай нүд нь улайж, арьс нь тослогжиж гялалзана. Ухаалаг утсаа орчин үеийн шифигээр ашиглахыг оролдоно. Сэдвээ мартвал нүд нь бүтээлч тархинаасаа хайлт хийж байгааг илтгэнэ. Өөрөөр хэлбэл зохиож ярихыг оролдоно гэсэн үг. 20 минутын дотор онол зохионо, эрдэмтдийн бүтээлийг өөрийн саналаар хачирлана. Мундаг оюутнууд, мунхаг нөхдүүд бас өдрийн од мэт гарч ирнэ. Хамгийн ихээр хүлээн зөвшөөрөгддөг стандарт тархалт шалгалтын үед мөн ажиглагдана. Гурван А, гурван ‘F’, таван ‘B’, таван ‘D’, хамгийн олон буюу арван ‘C’ үнэлгээг авна. Багш нар хүний амьдрал гэдэг нэрээр оюутнуудыг өрөвдөнө, оюутнууд ганцхан удаа юм чинь гээд багш нараа хуурахыг хичээнэ.
Хуулж байгаа болон хуулахыг хичээж байгааг самбар дээр зогсоод харж үзээгүй болохоор шалгалтын үед самбар дээр Хуулах гэдэг нэг  их муухай биш харин хүн хуурах л муухай, Хүнээс тусламж авах сайхан харин хүнээс долоон доор гэдгээ мэдрэх нэг их сайхан биш гэж бичээд ч нэмэргүй байдаг байх.
Нэг удаагийн шалгалт ингээд өнгөрнө. Шалгалтын ширээ гэж дайллаганы ширээ мэт болж хоолны үнэр шалгалтын сэдвийг хачирлаж, билетийн асуулгыг тосолно. Гэвч маркетингийн менежер болохыг зорьж сурсан нь үнэн юм бол, хийж бүтээе гэж бодож байгаа бол маркетингийн жинхэнэ шалгалтад л бэлтгэх хэрэгтэйсэн дээ.
Маркетингийн мэргэжилтэн болсон өдрөөс эхлэн алхам тутамд шалгалтууд авч эхэлнэ. Та ямар сэдвээр диплом бичсэн, шалтгаанд ямар билет сугалснаас үл хамааран шууд асууж эхэлнэ. Дипломыг чинь үзэж чамайг ажилд авсан дарга чинь байлцаж бизнесийн амьдрал чамаас шүүлгэ авна.

1 Билет: Хувь хүний маркетинг
Чи ноёны бөх биш юм бол хичээхээс өөр аргагүй. Сурч байхдаа, төгсөхдөө, өөрийнхөө байр суурийг олон олтлоо хичээх л хэрэгтэй. Чи өөрийнхөө хамгийн хурднаар гүйж байгаа хүнтэй зүйрлэ. Хажуугаар чинь чамаас долоон доор нөхдүүд аавынхаа нэрээр, авилгалын буянаар, урдаас нь татах, араас нь түлхэх олон шалтгаанаар хурдтай өнгөрөх болно. Гэхдээ энэ богино хугацааны амжилт гэдэгт итгэ. /хувь хүний маркетинг/
Сургуулиа төгссөний дараа хамгийн эхний шалгалт бол бизнесийн харилцаа байх болно. Чи ажлын ярилцлага, шалгалт өгч, тандаж өгсөн даалгавруудыг хийж эхэлнэ. Өөрийгөө танилцуулах, анхны сэтгэгдэл төрүүлэх, албан бичиг боловсруулах, захидал, CV, өргөдөл бичихээс эхлээд шалгалтын асуултууд мундахгүй. Хэр дүн авах нь чи яг чадаж байгаа эсэхээс л хамаарна. Оюутан байхад нэг багш маань цавуутай хавтсыг чинь үзэж та нарыг ажилд авах газар байхгүй гэж хэлсэн нь тухайн үед утгагүй санагдсан бол өнөөдрөөс харахад онч мэргэн үг байжээ гэж бодож байна.

2 Билет: Маркетингийн менежмент
Ажил хийж эхлэх эхний өдөрт чамаас энэ билетийн асуултыг асуухгүй байх, магадгүй хэзээ ч асуухгүй ч байж магад. Чи хуучин хийдэг байсанг нь хийж, хэлж өгсөнг гүйцэтгээд нөгөө онол үнэндээ надад туслахгүй нь гэж бодож ч болох юм. Гэвч энэ билетийн асуулт маш чухал үүрэгтэй. Хэрвээ чи өөрөө санаачлаг гарган маркетинг менежментийн нүдээр харж асуудал дэвшүүлэхгүй бол байдаг зүйл байдгаараа өнгөрнө. Энэ билетийн асуултад унах, амжилттай хариулах нь таны үнэ цэнэтэй шууд холбоотой. Та сайн даргатай байгаад сайн гүйцэтгэж сайн маркетер болж болох ч шилдэг маркетер болж чадахгүй. Тахиануудтай хамт гаргасан замаар гүйлдэх үү, шонхор болж дээгүүр дүүлэх үү? гэж асуусантай адил шалгалт тийм агуулгатай байна.

Мерчандайзинг ба эмийн сан



Бизнесийн удирдлагын ухаанд бас ч үгүй ихээхэн чухал сэдэв бол мерчандайзинг юм. Худалдааны байгууллагууд ихээхэн ашиглаж үр дүнг хүртэж байгаа боловч эмийн сангийн хүрээнд хэрэгжилт төдийлөн сайн биш байдаг. Тиймээс мерчандайзинг хамгийн чухал 9 алтан дүрмийг таниулъя.
  1. Таныг олоход амархан байх: Эмийн сангийн хаяглалтыг маш сайн шийдэх хэрэгтэй. Аль болох том шөнийн цагт гэрэлтдэг байх нь эмийн сан тэнд байгаа гэдгийг сайн зааж өгдөг. Заавал ногоон өнгийг ашиглах шаардлагагүй бөгөөд бусдаас ялгарах өнгө, шийдлийг чөлөөтэй сонсож болно. Хамгийн гол нь таны олсон өнгө шийдэл цогц байдлаар эмийн сангийн нүүр царай болохыг анхаарах хэрэгтэй.
  2. Таны өнгө таныг илтгэж байх: Ногоон өнгө бол эмийн сангийн өнгө биш энэ түрүүлж нээгдсэн тухайн эмийн сангийн өнгө. Цэнхэр өнгө тайвшруулна, ногоон өнгө нүд амраана, улаан өнгө манлайлна, шар өнгө хөгжилтэй, хүрэн өнгө хүндэтгэл, ягаан өнгө золбоотой байдлыг илтгэдэг. Түүнчлэн өнгөний хослолоо өөрийнхөөрөө зөв сонгох хэрэгтэй.
  3. Нарны гэрэл эсвэл цагаан гэрэл: Цонхон дээрээ бүтэн стикер наах нь тийм ч сайн арга биш. Эмийн санд гэрэл гэгээ хангалттай байх хэрэгтэй. Чийдэндээ сүүн гэрлийг сонгох хэрэгтэй. Ингэснээр хүний бүтээгдэхүүнд итгэх итгэл нэмэгддэг.
  4. Зөв өрөлт хураалтыг хийх: Лангуун дээр өрөлт хураалт хийх хэд хэдэн дүрэм байдаг. Хамгийн эхлээд тэгш хэмийг онцгой анхаарах хэрэгтэй дараагийн ээлжид харааны чиглэл, хүний харааны төвлөрөх цэг, өнгөний шилжилт зэргийг бодох хэрэгтэй.
  5. Бараа өөрөө өөрийгөө зардаг: Барааны өрөлтийг хамгийн багадаа 2 ширхэг байхаар өрөх хэрэгтэй. Олон эгнээ өрсөн бараа гэнэтийн худалдан авалтыг хамгийн их өдөөдөг бөгөөд харагдах байдлын хувьд ч зохимжтой байдаг.