Нийгмийг аврах макро маркетингийн бодлого

Мөхөх эсвэл аюулд өртсөн зүйлийг авардгийг санаж байна. Харин тэгвэл манай нийгэм аюулд өртөөд байгаа гэж үү? Тэгээд түүнийг аврах хэрэгцээ шаардлага байна уу?. Тийм бас тийм. Үүнд эргэлзэх хэрэг байхгүй. Нийгэм бол нийгмийн гишүүдийн төлөө үйлчилдэг систем бөгөөд нийгмийн гишүүд өөр хоорондоо хийсэн солилцоон дээр нийгмийн систем төлөвшдөг гэдэг. Энэ тодорхойлолтын анхаарал татаад байгаа нэг түлхүүр үгийг тайлбарлахад л бүгд ойлгомжтой болно.
Үйлчлэх: хэн нэгэнд хэрэгтэй байгаа зүйлийг түүнд зориулж хүргэх.

Нийгэм бидэнд сайн үйлчлэх гол арга нь нийгмийн гишүүд биднийг нэгэн үнэт зүйлтэй болгох юм. Монголын нийгмийн үнэт зүйл юу болох тухай саяхан хийсэн судалгааны үр дүн жинхэнэ галзуу капитализм Монголд өрнөж байгааг харуулсан юм. Нийгмийн гишүүд буюу бидний ихэнхийх нь үнэт зүйл мөнгө болсон гэж судалгаа хэлж өглөө. Уг нь үнэнч шударга байдал, их хөдөлмөр, эрдэм мэдлэг гэх зүйлс үнэт зүйлс байвал сайнсан. Харин мөнгө, эд баялаг бол дээрх үнэт зүйлсийг олж авсных нь төлөөх шагнал, хоёрдогч зүйл болох учиртай. Нийгэм маань ингэж бидэнд хэрэгтэй бус зүйлээр үйлчилж байгааг хараад нийгмийг дампуурч байна гэж хэлсэн юм. Гэхдээ нийгмийн гишүүдийн өөр хоорондоо хийсэн солилцоон дээр мөнгө гэдэг үнэт зүйл төлөвшсөнг санах хэрэгтэй. Нэмж хэлэхэд энд 76-г буруутгахаа нэг удаа болъё. Тэд их хэрэгтэй хууль батлаад завгүй хүмүүс шүү дээ. Одоо нийгэмд хамгийн гол солилцоо бол арилжаа наймаа буюу маркетингийн солилцоо бөгөөд нийгмийн үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд нилээд чухал нөлөөтэй. Маркетингийн систем ерөнхийдөө 2 замаар нийгмийн үнэт зүйл тогтоход нөлөөлдөг. Нийгмийн гишүүд Компани, аж ахуй нэгжид ажиллаж байгаа ажилчид, нөгөө талаас тэдгээр аж ахуй нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авч байгаа хэрэглэгч, үйлчлүүлэгчид гэж 2 хуваагддагаар энэ нь тайлбарладаг.

Байгууллагад тогтсон соёл, тухайн байгууллагын нийгэмд хэрхэн үйлчилж байгаа нь байгууллагад ажиллаж байгаа ажилчдад үнэт зүйлийг нь тогтоож өгдөг. Өөрөөр хэлбэл ажилчдыг байгууллагын соёл, үнэт зүйлс нь хүмүүжүүлдэг гэсэн үг юм. Энэ нь догматик мэдлэгийг заадаг дунд сургууль, их дээд сургуулиудыг дүүргээд ирсэн залуучуудад хамгийн их нөлөөтэй байдаг. Тэдэнд бизнес хийх гэж үүнийг хэлдэг юм байна. Ажил хийнэ гэж энийг хэлдэг юм байна гэж олж мэднэ.

Компани аж ахуй нэгжүүд өөрийн эрхэм зорилгыг хэрхэн тодорхойлсон мөн нийгэмд хэр үнэн сэтгэлээсээ үйлчилж байгаа гэдгээр тэнд ажиллаж байгаа ажилчдын үнэт зүйлс бий болно. Компани аж ахуй нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хүлээн авч байгаа хүмүүс ямар чанартай ямар бүтээгдэхүүн худалдаж авч байна. Хэр их итгэлцэл худалдагч, худалдан авагч хоёрын хооронд үүсэж байгаагаар мөн хэр их бие биенийхээ хэрэгцээг ойлгож байгаа эелдэг харьцаагаар хэрэглэгчдэд үнэлэмжүүд үүсэж эхэлнэ. Тухайн үнэлэмжүүд нийгмийн үнэт зүйл бүрэлдэхэд их нөлөөтэй. Жишээ нь: хэн нэгэн нэг ууттай чихэр автал фм-ээр яриад байсан сайхан амтгүй, уутны зурган дээрх гоё зурагнаас өөр, уриалаад байсан хямдрал худал, уриад байсан аятайхан үйлчилгээ байхгүй бол худалдан авагчдад намайг хуурах гэж бизнесмэнүүд хүсэж байна гэсэн мэдрэмж шууд л төрнө. Ингэхэд би чухал биш юм байна. Миний халаасанд дахь мөнгө л чухал гэж бодон мөнгөө шүтнэ. Ингээд л нийгэм маань уруу явж эхэлнэ.

Бизнес бол мөнгө олдог ухаан биш юм. Бизнес бол хүмүүсийн эрэлт хэрэгцээг мэдэрч түүнийг шийдвэрлэх аргыг олдог ухаан юм. Маркетинг бол түүний илрэл нь болдог. Тиймээс макро маркетинг буюу маркетинг нийгэмд хэрхэн нөлөөлж байгааг судалдаг судалгаа манайд хийгдсэнгүй. Бизнес эрхлэгчдэд энэ судалгаа хөрөнгө оруулалтын өгөөж үзүүлэхгүй учир хэн ч хийхгүй. Харин нийгэмд бүхэлд нь хэрэгцээгээ үзүүлэх зүйлийг бидний татварыг цуглуулаад дараа нь тэнцүү хуваахыг хичээх гэдэг ажил хийдэг засгийн газар л хийвэл зохино.

Судалгааны үр дүн нь олон зүйлс байж болно. Ядаж л макро маркетингийн тухай мэддэг болохоос эхлүүлээд маркетингийн ёс зүйн хэм хэмжээний дүрэм (Монголын Маркетингийн Холбоо бодох асуудал) гарах үндэс болно.

Эцэст нь хэлэхэд, ардчилсан нийгэмд байдаг түүний салшгүй хэсэг болсон бизнес нийгмийн хамгийн өргөн хүрээний үйлчилгээ байдаг болохоор түүнийг анхааран ажиглаж хөндлөнгөөс нь чиглүүлэх аргуудыг хэрэглэж нийгмээ аврах макро маркетингийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Би хянах, удирдах гэж хэлээгүйг санах хэрэгтэй. Лэ-фэр бол бизнест ус агаар мэт хэрэгтэй зүйл юм.

1 comment:

  1. Дээр дурьдсан судалгааны (монгол хүний үнэт зүйлсийн тухай) дүнтэй танилцах боломжтой эх үүсвэрийг мэдэх гэсэн юм. Баярлалаа

    ReplyDelete