Үйлчилгээний маркетинг: Инээмсэглэл зарна

Инээмсэглэл бол гайхалтай зүйл. Гэхдээ энэ гайхалтай зүйлийг бид бидний төрөлх зүйл гэдгээс илүүтэй болзолт рефлекс хэлбэрээр ойлгох нь алдаа болдог. Үйлчлүүлэгч орж ирээд тань руу харахад та заавал инээмсэглэх ёстой гэж бодоод хичээвэл сайн болж өгөхгүй байх болов уу. Яагаад гэвэл чин сэтгэлийн инээмсэглэлийг бодлыг удирддаг зүүн тархи бүтээж чадахгүй.  Харин та эсрэгээрээ тэр хүн рүү хараад танд би юугаар туслах вэ? гэж чин сэтгэлээсээ хүсвэл нүүрэнд тань дулаахан инээмсэглэл өөрийн эрхгүй тодорно. Та харин тухайн инээмсэглэлээ бүү хориглоорой. Хамт сууж байгаа бие биенийгээ огт танихгүй хүмүүсийг зүгээр нэг нэгэн рүүгээ харахыг хүсэхэд бүгдийнх нүүрэнд инээмсэглэл тодордог байна. Инээмсэглэл бол төрөлх шинж чанар юм.

Хүн юмсыг маш олон талаас нь харж чаддаг. Үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа хүн олон зүйлийг эерэг талаас нь харж чаддаг байх хэрэгтэй. Үйлчилгээ бол тусламжийн гар учраас тухайн тусламж хэрэгтэй хүн үйлчилгээний байгууллагад орж ирэх нь түгээмэл байдгийг байнга санаж ажиллах хэрэгтэй. Тиймээс таны инээмсэглэл тэр хүмүүст маш их хэрэгтэй байгаа.

Инээмсэглэл нь бусдад бус танд хамгийн их ашиг тустай байдаг. Инээмсэглэлийн ид шидийг мэдэрсэн хүн байнга инээж явдаг. Сайхан инээмсэглэлийг нь харсан хүмүүс тэр үнэхээр сайхан амьдралтай, асуудалгүй аз жаргалтай байдаг байх гэж боддог бол үнэндээ инээмсэглэлийн ашиг тусыг мэддэг нэгэн өөртөө байгаа стресс, бухимдлаа гээх эмгүй эмчилгээг хийж явдаг юм. Инээмсэглэлийг судалсан эрдэмтэд хүн инээхээр endospirin болон serotonin ялгардаг болохыг илрүүлжээ. Өөрөөр хэлбэл инээмсэглэл байгалийн өвчин намдаах эм гэж хэлж болох юм. Энэтхэгт анх байгуулагдаж байсан инээмсэглэлийн клубууд бусад улс оронд олноор байгуулагдах болжээ. Тухайн клубуудын гол зохион байгуулдаг үйл ажиллагаа бол нэг доор олон хүнийг цуглуулж инээлгэх гэнэ. Эхлээд инээх зүйл олдохгүй байсан ч хамаагүй инээдэг бөгөөд энэ нь бусад хүмүүст нөлөөлж инээлгэн инээд нь хоорондоо халдварлаж бөөн инээд болж хүмүүс стрессээ тайлдаг байна.

Инээмсэглэлийн олон ашигтай чанар байдаг ч танд хамгийн хэрэгтэй ашигуудыг хүргэе:
Үүнд:

  1. Инээмсэглэл таныг дур булаам харагдуулдаг: Инээмсэглэх үед хүний нүүрний булчингууд татагдаж арьсыг толийлгож залуу харагдуулахаас гадна хөгжилтэй сонирхолтой мэдрэмжийг бусдад шууд төрүүлдэг байна
  2. Инээмсэглэл нь дархлааг сайжруулдаг: Инээмсэглэж байх үед хүн гайхалтай тайвширдаг учир хамгийн зөв амьсаглаж, булчингууд сайн суларч, цусны даралт буурдаг байна. Ингэснээр бидний дархлалын тогтолцоо сэргэдэг юм
  3. Инээмсэглэл танд итгэх бусдын итгэлийг нэмэгдүүлнэ: Английн Оксфорд болон Райсын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар инээмсэглэж байгаа хүнд итгэх төвшин инээмсэглэлгүй хүнтэй харьцуулахад 10% илүү байсан байна. Та итгэл төгс харагдахын тулд инээмсэглэл ашиглаж болох юм
  4. Гаргасан алдаагаа цайруулах боломжийг инээмсэглэл олгодог: Санаандгүй алдаа гаргачхаад түүнийгээ хөнгөн инээмсэглэлээр аргадах нь ирэх шүүмжлэлийг эрс бууруулдаг байна. Инээмсэглэхийн оронд бухимдах, сэтгэлээ гутраах зэрэг нь дахин алдаа гарах магадлалыг өсгөж бусдын шүүмжлэлд байнга өртдөг болохыг сэтгэл судлаачид нотолж байна
  5. Таны инээмсэглэл сая саяын үнэтэй: Инээмсэглэж байгаа хүнээс ганц сохор зоос зарлагдахгүй атлаа инээмсэглэл хэдэн сая төгрөгийг авчрах чадалтай байдаг. Үйлчилгээний байгууллагын сайн ажилтнуудыг ажиглавал үргэлж инээмсэглэж таныг угтаж, инээмсэглэн үдэж байдаг. Өндөр борлуулалт хийдэг эмийн сангуудыг ажиглахад мөн тийм дүр зураг ажиглагддаг. Хүн бүрд инээмсэглэн хандаж зөвлөгөө зааварчилгааг төвөгшөөлгүй өгч байдаг. Эмийн санд ээлжээр ажилладаг 2 ээлжийн эм зүйч нарыг инээмсэглэдэг байдлыг нь борлуулалтаар жишвэл инээмсэглэж чаддаг эмийн санч инээмсэглэдэггүй эм зүйчтэй харьцуулахад бараг нэг дахин их борлуулалт хийдэг нь харагддаг. Сайхан үйлчилсэн газарт дахин орж эм бэлдмэл авах нь түгээмэл байдаг. Таны инээмсэглэл тухайн үйлчлүүлэгчийн сэтгэл санааг сайжруулж үнэнч хэрэглэгчийг бий болгох гол хэрэгсэл юм.


Та инээмсэглэлээ хүн бүрд харамгүй хайрлаж аз жаргалыг мэдрүүлж өөрөө ч аз жаргал дүүрэн байгаарай.

No comments:

Post a Comment