Нейромаркетинг Монголд

Үндэстэн дамнасан пүүсүүд хил хязгаарыг үл харгалзан олон орны зах зээл дээр ноёрхож үндэсний компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээ дэлхийн брэндийн тархалттай урвуу харьцаагаар зах зээлээс улам бүр шахагдаж байна. Монголын зах зээлд MCS Coca-cola ХК үйл ажиллагаагаа эхлүүлж дэлхийн брэнд кока кола үйлдвэрлэх болсноор үндэсний үйлдвэрлэгчдийн зах зээл хумигдаж байна. Дэлхийн хамгийн шилдэг брэндийн маркетингийн үйл ажиллагааны эсрэг уламжлалт маркетингийн арга хэрэгсэл ашиглах нь үр дүнд хүрэхгүй учраас хэрэглэгчдээ хадгалж үлдэхэд туслах шинэлэг арга нь нейромаркетинг байж болох юм.

Нейромаркетингаар хэрэглэгчийн худалдан авах шийдвэрт хүний мэдрэхүйн төгсгөлүүд болох харах, үнэртэх, сонсох, амтлах мөн хүртэхүйн мэдрэхгүйгээр дамжин нөлөөлдөг.


Харах мэдрэхүй: Мянга сонсохоор нэг үз гэсэн үг байдаг. Хэрэглэгчид ч мөн өөрсдийн нүдээр үзсэн зүйлдээ итгэдэг. Хүний нүд 400-700 нанометр урттай гэрлийн долгионыг харах чадвартай бөгөөд гэрлийн долгионы урт нь өнгө болж харагддаг. Хүн нүдээр нийт хүлээн авч байгаа мэдээллийнхээ 70-аас 80%-ийг авдаг гэж үздэг. Харах мэдрэхүйн хувьд өнгөний нөлөөллийг Нейромаркетингт ихээхэн хэрэглэдэг. Түргэн хоолны газрууд хүрэн улаан, тод ногоон өнгийг дотоод засал чимэглэлдээ ихээхэн ашигладаг нь хүний идэх дур хүслийг төрүүлэх мөн хоолоо хурдан идээд гарах сэтгэл зүйд хөтөлдөг. Тиймээс нейромаркетингийн хүчин зүйл нь бүтээгдэхүүн болон түүний сав баглаа боодол, маркетингийн арга хэрэгслийн өнгө, хэлбэр дүрс гэж үзэж болох юм.

Үнэртэх мэдрэхүй: Үнэр бол хүчирхэг нейромаркетингийн зэвсэг болдог. Ялангуяа үнэр нь хоол хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний салбарын маркетингт салшгүй хүчин зүйл болдог. Америкийн кофены газрын тэргүүлэх брэнд болох Sturbucks coffee кофены газартаа сонгинотой хачирхалтай талх зарж эхэлсний улмаас кофены борлуулалт ихээхэн буурсан гэдэг. Учир нь кофены сайхан үнэрийг сонгинын үнэр дарсны улмаас хэрэглэгчдийн худалдан авалт хийх эрмэлзэл буурчээ. Мөн шарсан төмсний үнэрийг үнэртсэн мөртлөө түүнийг хоолон дээрээ идэхгүй байх Америк хүн цөөхөн гэж саяхан хийгдсэн судалгааны дүнд дурьдагджээ. Үнэр хүнд маш их нөлөөлдөг нь хүмүүсийн үнэртэн сүрчиг хэрэглэж байгаа байдлаас маш тодорхой харагддаг. Тааламжтай үнэр нь хүний сэтгэл санааг тайвшруулаад зогсохгүй урам зориг, эрч хүч бэлэглэдэг. Харин тааламжгүй үнэр ихээхэн сөрөг нөлөөтэй байдаг. Тааламжтай болон тааламжгүй үнэрийг хүмүүсийн хүлээн авч байгаа байдал өөр өөр байх боловч ихэнх үнэрийг хүмүүс ерөнхийдөө сайхан, муухай гэж ангилах тал нь адил байдаг. Сайхан үнэртэй хамт ой ухаанд хадгалагдсан дурсамж тухайн үнэртэй төстэй үнэр дахин үнэртэх үед сэргэдэг байна. Таны брэнд үнэртдэг үү? гэдэг асуудгийн цаана нарийн утга агуулсан асуулт давхар байдаг юм. Сайн чанарын арьсан болон модон эдлэл, нарийн боовны газар зэрэгтэй тэдгээр бүтээгдэхүүний үнэр нь салшгүй зүйл болж өгдөг. Зарим тохиолдолд хиймэл үнэртүүлэгчийг ашиглаж үнэрийн нөлөөлөл ихтэй худалдан авах сэрлийг өдөөх чиглэлээр олон газарт ашиглаж байна. Нейромаркетингийн хүчин зүйл нь бүтээгдэхүүний өөрийн үнэр гэж энэ удаагийн судалгаанд авч үзэх болно.

Сонсох мэдрэхүй: Хүний сонсох чадвар нь дууны 20-20,000 Hz давтамж байдаг. Хүмүүс хоорондын харилцан яриа 40-60 dB SPL байдаг бол рок тоглолт 120 dB SPL хүртэл даралт хүний сонсголд учруулдаг. Гэвч рок тоглолтыг сонсох хүсэлтэй хүн үргэлж байсаар байдаг. Нейромаркетингт хүний сонсох мэдрэхүйг ашиглан олон төрлийн арга хэрэгсэл ашигладаг. Хүмүүсийг хөгжмийн ая тайвшруулж, баярлуулж, уйтгарт автуулж, урам зоригийг бадрааж чаддагийг хэн бүгд мэднэ. Дэлгүүрт ажлаа тараад худалдан авалт хийхээр ирсэн хүний ажлын стрессийг намуухан сайхан хөгжим сонсгох замаар тайлж худалдан авалт хийх таатай зан байдлыг бий болгодог. Мөн Buzz маркетингийн арга хэрэгсэл болох бусдад аман мэдээлэл дамжуулах нь мөн хүний сонсох мэдрэхүйгээр дамжуулан маркетинг хийж байгаа хэрэг юм. Худалдагч өөрийн бараа бүтээгдэхүүний чанар чансааг магтах магтаалыг үгийг хэлэхэд хүний толгойд тухайн таатай байдлыг өөрийн биеэр мэдэрч байгаа төсөөлөл үүсдэг. Тэгээд тухайн хэрэглэгч өөрийнхөө хийсвэр төсөөллийг худалдан авч шалгаж үзэхийг хүсдэг гэж хэлж ч болох юм. Хөгжмийн давтамж мөн ихээхэн чухал нөлөөтэй байдаг. Олон янзын урт үргэлжилсэн аянаас илүүтэйгээр давтамж хэлбэртэй ая гэнэтийн худалдан авалтыг илүү хийлгэдэг гэж үздэг. Ая дуутай хамт янз бүрийн дурсамж хэрэглэгчдийн санах ойд хадгалагдсан байдаг. Жишээ нь: наадмын баярыг уртын дуутай хамт, төрийн дууллыг эх оронч ямар нэг үйл явдалтай хамт, төрсөн өдрөө төрсөн өдрийн тухай дуутай хамт санадаг. Нейромаркетингийн хүчин зүйл нь бүтээгдэхүүний талаар сонссон бүх төрлийн мэдээлэл гэж энэ судалгааны ажлын хүрээнд авч үзнэ.

Амтлах мэдрэхүй: Маркетингийн биечилсэн худалдааг хүнсний бүтээгдэхүүн борлуулдаг компаниуд амтлагаат худалдаагүйгээр хийх нь ховор болжээ. Орчлон ертөнцийн сайхныг мэдрэх нэг арга бол яах аргагүй сайхан амт байдаг. Тиймээс дан ганц хүнсний бараа бүтээгдэхүүн борлуулдаг компани гэлтгүй олон газрууд сайхан амттай кофе, ундаа, зуушаар хэрэглэгчдээ дайлж өөрийн бүтээгдэхүүнийг санал болгосноор худалдан авах магадлал нэмэгддэг нь судалгаагаар батлагдсан. Бүтээгдэхүүний амт нь нейромаркетингийн хүчин зүйл болох юм.

Хүртэх мэдрэхүй: Бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгч өөрийн гараар барьж, эргүүлж тойруулж харснаараа бараа бүтээгдэхүүний тухай их хэмжээний мэдээлэлтэй болдог. Ингэснээр худалдан авах шийдвэр гаргалт хийхэд эерэг нөлөөллийг үзүүлдэг. Тиймээс томоохон дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийнхээ гар хүрэх газарт тавьдаг. Энгийн хүнсний дэлгүүрээр үйлчлүүлсэн хэрэглэгч болон супер маркет хэлбэртэй жижиг дэлгүүрээр үйлчлүүлсэн хэрэглэгчдээс судалгаа авахад жижиг боловч супер маркетаар үйлчлүүлсэн хэрэглэгчдийн сэтгэл ханамж яг адилхан барааг адилхан үнээр худалдан авсан хэрэглэгчээс илүү байсан байна. Хүртэхүйн мэдрэхгүйгээр дамжих нейромаркетингийн хүчин зүйл бүтээгдэхүүний сав баглаа боодол гэж энэхүү судалгаанд тодорхойлж байгаа юм.

/Нийтлэлийг бүрэн эхээр нь Маркетинг сэтгүүлийн 13-р дугаараас харж болно/

5 comments:

  1. Marketing chn nogoo talaar ter chigeeree setgel sudlal yum aa daa bas.

    Yr n bvh mergejlvvd etssiin tsegtee hvn deer, hvn sudlal deer l ireedvid tovloroh yum shig sanagdaj baina shvv.

    Sonirholtoi, saihan niitlel baina. Medleg nemlee. Tsaash n vrgeljlvvleed baigaarai. :)

    ReplyDelete
  2. Deerh comment miniih shvv :)
    Neriig n buruu bichchihlee, sorry

    ReplyDelete
  3. hi, marketingiin hamgiin suuliin uyeiin handlaguudiin talaar medeelel heregtai baina, bas arga heregsluudinh ni talaar,nadad tuslaach please! :)

    ReplyDelete
  4. marketing setguuliin 2009 onoos hoishhi buh dugaariig yaj olj avah ve?

    ReplyDelete
    Replies
    1. This comment has been removed by a blog administrator.

      Delete