Бизнесийн салбарын ирээдүйн чиг хандлага

Хүний нийгмийн чиг хандага бизнесийн голлох чиг хандлага болж байдаг. Ирээдүйд байгалийн нөөц бололцоо улам бүр хомсдож, хүний амьдрах орчин улам бүр бохирдож түүнийг бид техник, технолгийн дэвшилийг ашиглан нөхөхийг хичээнэ. Яг үүнтэй адил бизнесийн удирдлагын салбарт экологи, байгал орчинд ээлтэй байх, дахин боловсруулах, шинэлэг техник технологи ашигласан, үр дүн өндөртэй бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож хэрэглэгчдэд хүргэх гэсэн санаа улам бүр эрчимжих болно.
Нөгөө талаас шинжлэх ухаануудын хөгжихийн зэрэгцээ бизнест тухайн нээлтийг ашиглах, ингэснээр бусдаас давуу талыг олж авах гэсэн уралдаан улам бүр нэмэгдэх болсон нь цаашдаа бизнесийн ирээдүйн төлөв байдлыг тодорхойлоход чухал нөлөөтэй байна. Бизнесийн салбарын ирээдүйн чиг хандлага бүрдэхэд чухал нөлөө үзүүлэх хүчин зүйлсүүд дараах байдалтай байж болно. Үүнд:

  • Интернэт: Интернэтийн хөгжлийн нөлөө бизнесийн салбарт маш их нөлөөтэй. Интернэт мэдээлэл солилцох хамгийн гол хэрэгсэл болсоноор хэрэглэгчид бие биендээ нөлөөлөх, бизнесийн байгууллага болон бусад төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээний тухай мэдээлэл маш хурдан түгэж байгаа бөгөөд энэ нь ирээдүйд улам илүү нэмэгдэх болно. Нэг хэрэглэгч өөрт нь таалагдсан эсвэл таалагдаагүй бүтээгдэхүүн үйлчилгээний тухай интенэтэд зарлахад хэдэн мянган хүнд хүрч нөлөөлөх бололцоо бүрдэх юм. Ирээдүйд хэрэглэгчдийн интернэт орчин дахь хэлэлцүүлэг, мэдээлэл худалдан авах шийдвэрт илүү ихээр нөлөөлөх нь тодорхой болж байна. Учир нь хүмүүсийн интернэт хэрэглэдэг цаг улам бүр нэмэгдэж, амьдралын олон зүйлстэй интернэт улам бүр холбогдох болсон байна. 
  • Нейро шинжлэх ухаан: Бизнест хэрэглэгчийн худалдан авах шийдвэр гаргах үйл явцыг нилээд нарийн судалдаг. Хэрэглэгч хэрхэн худалдан авдаг, хэрхэн үнэлдэг, хэрхэн үнэнч хэрэглэгч болдог гэх мэт асуултууд бизнес эрхлэгчдийн хувьд онцгой чухал боловч асуултын хариултыг бүрэн дүүрэн авах бололцоо хомс байдаг. Тиймээс эдгээр асуултын хариулт нуугдаж байгаа газар болох хэрэглэгчийн тархи буюу хар хайрцаг гэж нэрлэгдэх хэсгийг нээж илрүүлэхэд анхаарч байгаа нь тархи судлалын шинжлэх ухааны хөгжил бизнест шууд хэрэглээгээ олж тархи судлал дээр үндэслэсэн нейро эдийн засаг, нейромаркетинг гэх ухаанууд хөгжиж байгаатай холбоотой юм. Дэлхийн хамгийн том бизнесийн судалгааны байгууллага өөрийн судалгааны базын дэргэд нейрофокус нэртэй нейро судалгааны хүрээлэнг байгуулж ажиллуулж эхэлсэн нь бизнесийн ирээдүйн чиг хандлагын нэг нь хэрэглэгчийн судалгаа тэр тусмаа нейро буюу тархи судлал байх магадлалтайг нотолж байгаа юм.
  • Чөлөөт худалдаа: Зуун жилийн өмнө мөрөөдөл байсан бүс нутаг, улсын хил хязгаарыг үл харгалзан худалдаа наймаа хийх, бизнес эрхлэх боломж улам бүр нэмэгдэж байна. Улс орнууд хилийн хатуу чанд бодлогоос илүүтэй стандартыг чухалчлах болж татвар хураамжын харилцан хөнгөлөлт, худалдааны байгууллагын гишүүний ашиг тусыг улам бүр мэдэрч олон улсын бизнес цэцэглэн хөгжихөд бүс нутгийн нэгдэл, худалдааны чөлөөт бүсүүд, олон улсын байгууллагуудын үүрэг нэмэгдсэн нь цаашид ч улам бүр чухал асуудал хэвээр байх юм.
  • Төлбөр тооцооны систем: Бизнесийн төлвөр тооцооны систем амар хялбар болохын хирээр бизнесийн үйл ажиллагаа улам хөгжиж байдаг. Бизнес эрхлэхэд шаардагдах зээл, шилжүүлэг, итгэмжлэл, төлбөр төлөлт гэх мэт үйлдэлүүд улам бүр хялбар болсоор байна. Энэ нь ирээдүйд санхүү төлбөр тооцооны хүний оролцоо багатай системийг бүрдүүлж програм өөрөө үнийг удирдан зохицуулах бололцоог улам бүр урагшлуулсаар байна.  
  • Амьдралын стандарт: Хүн амийн амьдралын стандарт улам бүр дээшилж байна. Түүнийг дагаад олон төрлийн зах зээлүүд нээгдэж олон зах зээлүүд хумигдаж байна. Тиймээс ирээдүйн бизнесийн салбарт нэгэн том чиг хандлага нь хэрэглэгчийн шинэ эрэлт хэрэгцээг мэдэрч түргэн шуурхай хангах явдал болж байна. Амьдралын стандарт дээшилж байгаа нэг шалтгаан нь хэрэглэгчийн худалдан авах чадвар нэмэгдсэн мөн дэлхий дээр урьд өмнө нь хэзээ ч ийм олон хүн элбэг хангалуун амьдарч байгаагүйтэй холбоотой юм.
  • Цорын ганц бүтээгдэхүүн: Бизнесийн ирээдүйн чиг хандлага нь ганцхан хувь, зөвхөн захиалагчийн хүсэлтийн дагуу үйлдвэрлэх гэсэн хандлага юм. Зөвхөн миний хэрэгцээ шаардлагат тулгуурлан ганцхан надад зориулан бүтээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг худалдаж авах нь худалдан авагчдын гол өдөөгчдийн нэг нь болно. Энэ хандлагатай зохицон ажиллаж чадах бизнес л урт удаан хугацааны хэрэглэгчтэй байгууллах түншлэлийн тухай ярих боломжтой болно.
  • Утга учиртай бүтээгдэхүүн: Байгаль дэлхийд ээлтэй, дахин боловсрогддог гэх мэт бүтээгдэхүүний үндсэн шинжээс гадна дагалдах чухал шинжүүдээс хэрэглэгчид улам бүр эрэл хайгуул хийх болно. Маркетингийн 3.0 номонд П.Котлер бүтээгдэхүүн үйлчилгээний мөн чанар нь ирээдүйд хүн байхын утга учиртай илүү холбогдох талаар тайлбарласан байдаг.
  • Орлуулах бүтээгдэхүүн үйлчилгээ: Зах зээл дээр хангалттай олон тооны бүтээгдэхүүн үйлчилгээ байгаа бөгөөд энэ тоо ирээдүйд ч мөн нэмэгдэнэ. Зах зээлийг байж болох бүх аргаар сегментлэн тухай бүрд таарсан бүтээгдэхүүн үйлчилгээ гарч ирэх ба нэг удаа хэрэглэгчийг өөрөөсөө түлхэвэл буцаж ирэх магадлал бараг байхгүй болох түвшинд оруулах бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлийг дүүргэх болно.
Хандлагыг би өөрийн нүдээр ингэж харж байгаа. Миний харж байгаа өнцөг дундаж, мода, медианы аль нь болохыг хэн мэдэх билээ. 

1 comment:

  1. Thanks for sharing with us this wonderful information which will be helpful while providing any type of marketing consulting services to client. I really appreciate your efforts.

    ReplyDelete