Маркетерын нүд


Юмсийг хүмүүс өөр өөрийн нүдээр янз бүрээр хардаг. Хүний харах өнцөгт хүний мэргэжил нь бас ихээхэн нөлөөтэй байдаг. Нэг танил маань юмыг програмчны нүдээр харж алгоритм шиг хариултуудыг нь дуржигнуулаад хэлдэг. Миний мэдэх зарим эмч нарын харах өнцөг шинж тэмдэг, өвчин, угжрал, эмчилгээ гэдэг нэршилтэйгээ ойролцоо хэлбэртэй санагддаг. Нэг хуульч хүн бол муу амьтан хэзээч гэмт хэрэг хийж болзошгүй учир хуулийг, ер нь бүх юмыг цоорхойгүй хийх хэрэгтэй гэж ярьж байх жишээтэй.

Тэгвэл маркетерууд ямар өнцгөөр хардаг бол? Магадгүй мөнгө гэж харах болов уу? Үгүй байгаасаа, хэрвээ аливаа зүйлсийг мөнгө гэж харвал бүх үйлдэл нь үнэгүйдэнэ.  
Цаг хугацааны явцад маркетеруудын харах өнцөг өөрчлөгдөж байснаар Маркетингийн үүсэл хөгжлийн түүхийг мөн өгүүлж болно.

Анхны өнцөг: Аж үйлдвэржилтийн үр өгөөжөөр үйлдвэрүүд, нийлүүлэгчид бараа бүтээгдэхүүнийг зах зээлд ихээр санал болгож бүтээгдэхүүний үзэл баримтлал эхэлсэн. Тэр үед эрэлтээс хэтэрчихгүй, худалдан авч чадахаас нь илүүгүй үнээр зарахыг чухалчилж байсан. Энэ үед амьдарч байсан маркетер магадгүй юмсыг эрэлт-нийлүүлэлт гэж харах байсан байх. Маркетингаас илүүтэй менежментийн шийдвэр байгууллагад ашиг авч ирж байсан энэ үед маркетингийн философи бүрэлдэж байсан үе шат юм.

Хоёрдугаар өнцөг: Инновацын ачаар зах зээл дээр олон сайхан санал гарч худалдан авагчид үйлдвэрлэгчид, нийлүүлэгчдийн үүдэнд дугаарлан зогсож худалдан авдаг явдал бүрэн арилж сайн, чанартай, шинэлэг гэх үзүүлэлтийг чухалчлах болсон үе буюу бүтээгдэхүүний үзэл баримтлал 1980-аад онд ирлээ. Үйлдвэрлэгчид масс үйлдвэрлэлээс илүүтэй содон, шинэлэг цөөн тоогоор үйлдвэрлэх жижиг дамжлагууд, үйлдвэрлэлийн автоматжилт, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шинэлэг арга зам - инновацид ихээхэн анхаарч эхлээд байлаа. Тэр үеийн маркетер чухамдаа юмс үзэгдлийг чанар гэж харах байсандаг. Бүтээгдэхүүн гологдохгүй бол байгууллага ашигтай ажилладаг үе байлаа.

Гуравдах өнцөг: Бизнес гэдэг бол том акулуудын хийдэг зүйл нэгэнт больсонтой уяалдаад зах зээлийн багтаамж бүхэлдээ хангагдаж үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид зах зээлд чихэлдээд ирэх цаг хугацаа тохиолоо. Бизнесийн байгууллагууд янз бүрийн уран нарийн арга ашиглаж түргэн хугацаанд их борлуулалт хийхэд анхаарлаа бүрэн хандуулж өрсөлөөдний гал ширүүн байсан цаг. Энэ цаг үед өөрийн замналыг бүтээж байсан маркетер амьдралын олон зүйлийг өрсөлдөөн гэж харж байсан гэхэд буруудахгүй байх. Энэ үеийг бид борлуулалтын үзэл баримтлалын үе (Marketing 1.0) гэж нэрлэдэг.

Одоогийн өнцөг: Ямар ч дайн тулаанд ялалт байгуулья гэж зорихоос биш дайны цаад хохирол, урт удаан хугацааны алхамыг орхигдуулсан байдгийн адилаар борлуулалтын үзэл баримтлалын үед урт удаан хугацааны түншлэл, хэрэглэгч үйлчлүүлэгчийн итгэлийг олж хамтран ажиллах талаарх асуудал нилээд орхигдож байлаа. Тиймээс ч цаг үеэ дагаад маркетингийн үзэл баримтлал (Marketing 2.0)  эхэлсэн юм. Маркетингийн үзэл баримтлал ёсоор компаний зорилтод хүрэх хамгийн чухал алхам бол зорилтод хэрэглэгчийн /энд бүх хэрэглэгч гэсэн санаа байхгүй байгааг анхаарах/ эрэлт хэрэгцээ, хүсэл шаардлагыг бүрэн хангах юм гэж тодорхойлдог. Өнөөдрийн олон байгууллагын хийж байгаа маркетинг ерөнхийдөө энэ түвшний маркетинг байгаа. Нэг удаагийн худалдан авалт бус түншлэл, үнэнч хэрэглэгчийг (consumer loyalty) бий болгох, өөрийн зорилтод зах зээл дээр брэндээрээ ялгарч арчигдашгүй зөв хоногшилыг бий болгохын тулд ажиллаж байна. Хэрэглэгч, үйлчлүүлэгчийн талаарх мэдээлэл, тэдэнд хүрэх боломжууд технологийн дэвшил ялангуяа web 2.0-г дагаад түгээмэл болсон нөгөө талаар хэрэглэгчийн нөлөөлөл мөн web 2.0 –ийн тусламжтай нэмэгдсэн зэрэг нь өнөөдрийн маркеруудын харах өнцөгийг өөрийн эрхгүй брэндчлэл болгож байна. Брэндчлэл гэдэг нь зорилтод зах зээл, ялгарал, хоногшилийг багтаасан ойлголт гэдгийг тодруулья. Хэний бүтээгдэхүүн брэндчлэлийг бий болгож зах зээлийн ямар сегментэд байршсан байна гэдгээрээ ашиг авчирч байна.

Шинэ өнцөг: Өнөөдрөөс илүү маргаашд сонирхолтой байж, түрүүлж харж, өрсөж амжих гэсэн бодол нэгэнт бизнесийн чухал чадварт тооцогддог болсон болохоор ойрын ирээдүйн маркетерийн харах өнцөг хэрхэн өөрчлөгдөх талаар өгүүлье. Шинэ үеийг зарим эрдэмтэд Marketing 3.0 гэж нэрлэж байна. Өрнийн их бүтээн байгуулалт, эд материалын хөгжил дэвшил нь хүний хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгааг бүгд ойлгож эхэлж байна. Байгалийг эрхшээлдээ оруулж түүхий эдийг түмэн зүйл болгон дахин бүтээж, өөрийн л биш бол юуг ч үл хайрлан цөлөмсөөр хэн ч үл өмчлөх байгаль дэлхийн доройтол илт мэдрэгдэж эхлэв. Түрүүлж ухамсарласан хэдийн хандлага ногоорч, хүний мөн чанарын эрэлчид энд тэнд хэдэн зуугаараа гарц байгааг харахад ирээдүйн маркетингийн үзэл баримтлал энэрэнгүй, байгальд ээлтэй, хүн байхын учир шалтгааныг хөндсөн байх нь дамжиггүй. Хэрэглэгчид бүтээгдэхүүн үйлчилгээг чанартайд нь, хүчтэйд нь бус бусдаас өөрд нь ч биш харин хэр хүн байхын учрийг хөндөж байгааг нь бусдаас илүү сонгох цаг ирж явна. Чанар, өрсөлдөөний хүчтэй байдал, брэнд байх нь ердөө үндсэн шинж болон хувирч өрсөлдөхүйц шинж нь хүнлэг шинж болж байна. Тиймээс тун ойрын ирээдүйд маркетеруудын харах өнцөг хүнлэг байх болж байгаль дэлхийд ээлтэй, олон сайхан хүмүүстэй хамтран байж сэтгэл зүрхээрээ үйлдвэрлэсэн, чин сэтгэлээсээ үйлчилдэг бизнесийн цаг ирнэ.

Эцэст нь дүгнэн хэлэхэд маркетерууд компаниа манлайлаад ирвэл олон өөрчлөлтийг бий болгож чаддаг гэхдээ бизнесийг ер нь аливаа зүйлсийг буруу өнцөгөөс харж манлайлвал буруу зүг рүү явах аюултайг санаж өөрийн үзэл баримтлалыг зөв тодорхойлж түүнийхээ дагуу ажиллах чадварыг өөрийн хувийн шинж болтол нь хөгжүүлэхийн чухалыг энд бичээд эхээ дуусгая. 

3 comments:

  1. Бүх зүйл ногоорч байгааг бид харж байна. Гэтэл Энэ ногоорол чинь үнэхээр хүний төлөө гэвэл бас учир дутагдалтай санагддаг. Ихэвчлэн ногоон гэдэг үгийн цаана өөр ашиг сонирхол одоо ноёрхож байна гэж боддог. Гэхдээ өөрийн чинь энэ нийтлэл ирээдүйг өөдрөгөөр төсөөлсөн нь таалагдлаа... амжилт Бадраа.

    ReplyDelete
  2. Маркетинг ногоорч байна нэртэй өөр нийтлэл удахгүй оруулах болно. Түүн дээр ногоорол гэдэг чухам юу болох тухай бичихээр бэлдэж байгаа Баярлалаа

    ReplyDelete
  3. hi badraa ka-books-t tavisan nomnuud hed honog bdag yum be.. umnuhuud n baihgui geed bna?

    ReplyDelete